Малчин өрхийн холбооны эрхзүйн байдлын тухай хууль батлагдлаа
Малчин, мал, бэлчээрийн харилцан шүтэлцээнд тулгуурлан бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт соёлыг хадгалах, малчдын хамтын менежментийг төлөвшүүлж, нийтлэг эрх ашгийг хамгаалах, байгалийн нөөц, бэлчээрийг даацад нь тохируулан зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, малын чанар, ашиг шимийг сайжруулах замаар малчдын амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд үндсэн зорилготой “Малчин өрхийн холбооны эрхзүйн байдлын тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэн баталлаа. Энэхүү хуулийг 2024 оны 7 дугаарын 01 өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Шинээр батлагдсан хуульд “Малчин өрхийн анхдагч холбоо” гэдгийг нэг нутаг усны зэргэлдээ малчин өрхүүд бэлчээрийг зохистой ашиглаж, амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж зохион байгуулалтад орсон 10 -доошгүй малчин өрхийг хамруулсан хуулийн этгээд гэж тодорхойлсон.
Хуулийн 10, 11, 12 дугаар зүйлд “Анхдагч холбоо” нь бэлчээр, байгалийн нөөцийг гэрээгээр ашиглаж хамгаална, малын гаралтай түүхий эдийг нэг цэгт төвлөрүүлэн борлуулна, малаа чанаржуулан эдийн засгийн эргэлтэд оруулна гэх мэтчилэн тусгасан нь одоогийн төслийн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг баталгаажуулсан хууль боллоо гэж орон нутгийнхан талархаж байна.
Та бүхэн дэлгэрэнгүй танилцах холбоос: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140714799191