Сайн малчин гэж хэн бэ?
“Аварга малчин” цол хүртээх гэж жил бүр дээр доргүй хөл алдацгаадаг жишиг тогтоод уджээ. Аварга малчин маань үнэхээр сайн малчин мөн үү, өнөө үед сайн малчин гэж хэнийг хэлэх вэ? Харьцуулах зүйлгүй ”хөмөрсөн тогоо” шиг орчинд удсан хүн өөрийгөө хөндлөнгийн нүдээр шүүн харахад илүүддэггүй. Бид малчдаа буруу замаар будаа тээлгээд байгаа юм биш байгаа хэмээн доорх харьцуулалт хийв.
Манай Малчин |
Олон улсын жишиг |
Нийтийн газраас “өөрийн хэмжээ”-ээр хүртэж амь зуудаг. Нийтээр ашиглах нэрийн дор эзэнгүйдэж, хуулийн засаглалгүй болсон орчинд уул уурхай, аялал жуулчлал, бөх, бөө, уяач, мянгат, овгор гээд хувь, хувьсгалын сайн, муу нэр нөлөөгөөр түрээ баригсдад бэлчээрээ булаалгадаг, нөхөн төлбөр авдаггүй. |
Фермер бүр өөрийн гэсэн хувийн өмчийн аль эсвэл төрийн өмчөөс 10-с доошгүй жилээр гэрээ хийсэн баталгаат бэлчээртэй. Бусдын газрыг дур мэдэн авахын эсрэг хаалт, бусдад газраа гарцаагүй алдахад хүрвэл нөхөн төлбөр авахын аль аль нь хуулийн засаглалаар баталгаажсан. |
Хөрөнгөө оруулаад үр шимийг нь хүртэх баталгаагүй тул нийтийн газарт хөрөнгө оруулдаггүй, харин аль болох шим шүүсийг нь сорж, хэтрүүлэн ашиглаж доройтуулдаг. Малын тоогоо өсгөж үйлдвэрлэлээ нэмэгдүүлдэг. Малаа өсгөх гэж бусдын бэлчээрийг “булаасан”, аль эсвэл бэлчээрээ доройтуулж, хойч үеийнхээ ирээдүйг “хулгайлсныхаа” төлөө “мянгат”, “аварга” цол хүртэж өргөмжлөгддөг /Бэлчээрээ сайжруулж, даацыг нь нэмэгдүүлээд малаа өсгөсөн бол урамшуулахаас аргагүй уул нь. Бэлчээрээ сайжруулаагүй байж малаа өсгөнө гэдэг нь хавтгай уруугаа тэлэх буюу бусдын аль нэг улирлын аль эсвэл отрын бэлчээрийг авна, эс бөгөөс байгаа бэлчээрээ доройтуулдаг/. Өндөр үнэтэй органик зах зээл хаалттай. |
Үр шимийг нь хүртэх нь хуулиар хамгаалагдсан тул өөрийн бэлчээр, түүн дээрх малын чанарт хөрөнгө оруулах нь үйлдвэрлэлээ өсгөх гол арга нь болдог /хавтгай уруугаа биш босоо буюу бүтээмж чанарт хүч, хөрөнгөө хаядаг/. Бүтээгдэхүүнийхээ чанар, бүтээмжээр өрсөлдөн ашиг орлогоо нэмэгдүүлж урамшдаг, төр засгийн аливаа цаасан малгайг сонирхдоггүй. Даац нь хэтрээгүй соргог бэлчээрт идээшилсэн малын бүтээгдэхүүнийг жирийн бүтээгдэхүүнээс 70-100% илүү үнээр худалдан авдаг органик зах зээлд хүрч, ашиг орлогоо нэмэгдүүлж чаддаг. |
Бэлчээр түүн дээрх ус, хужир мараа гээд аливаа нөөцийг үнэ төлбөргүй ашигладаг, доройтуулсны хариуцлага, орлогын татвараас чөлөөлөгдсөн |
Бэлчээр, байгалийн аливаа нөөцийг төлбөртэй ашигладаг, дээр нь орлогоосоо татвар төлдөг |
Барьцаа болох үл хөдлөх хөрөнгөгүйгээс урт хугацааны хөрөнгө оруулалтын зээл авч чаддаггүй, сарын 2 хувийн хүүтэй хэрэглээний богино зээлд “шатдаг”. |
10-с доошгүй жилийн гэрээгээр баталгаажсан бэлчээрээ барьцаалан жилийн 3-5 хувийн хүүтэй, 15-30 жилийн хугацаатай зээл авч үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт хийдэг. |
Чанарын урамшуулалт үнэ байдаггүйгээс мал, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах гэж илүү хөрөнгө, хүчээ зарсан нэг нь алдагдалд ордог тул 1-2 оролдоод хаяхаас өөр аргагүйд хүрдэг, ингэж сонирхолгүй болсноор төрөөс малын чанар, эрүүл мэндийн чиглэлээр зарж байгаа хөрөнгө эрэлтгүй зүйлд зарцуулагдсанаас үр дүнгүй болдог. Бүтээгдэхүүний чанар муугаас олон улсын зах зээлд өрсөлдөх чадваргүй. Шинэ технологи нэвтрүүлж, хөгжих хэрэгцээ бага орчинтойгоос залуу үе нь дайжих болсон. |
Олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд чанарт нь байнга анхаарч хөрөнгө оруулалт хийдгээс өндөр үнэ хүргэж чаддаг, боловсрол, шинэ технологи өөд тэмүүлдэг, ингэснээрээ өсөж дэвждэг, залгамж хойч үеийнхээ сонирхлыг татах орчныг бүрдүүлж чаддаг. |
Дээрх харьцуулалтаас үзвэл бид яах аргагүй малчдаа “Мянгат” гэсэн цаасан малгай өмсгөөд буруу замаар будаа тээлгээд байна. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээдэг. Тоогоор хөөцөлдсөний харгайгаар бид өнөөдөр соргог бэлчээргүй, отрын нөөц нутаггүй, биологийн олон янз бүхий онгон байгальгүй, олон улсын зах зээлд үнэ хүрч өрсөлдөж чаддаггүй, хоол тэжээлийн архаг дутагдлаас давжаарч ашиг шим нь жилээс жилд доройтсон, малчдад хөрөнгө, орлого болж наалддаггүй хоосон хөөс болсон олон малтай л болоод байна.
Зуд, ган мэт байгалийн гамшигт малчдын амьжиргаа нэрвэгдсээр байгаа нь Монгол улсын хөдөө аж ахуй байгалийн тааламжгүй, хатуу ширүүн нөхцөлөөс нэн хамааралтай буйг харуулах нотолгоо юм. 2009-2010 оны өвөл-хаврын зудад улсын хэмжээнд 9.7 сая мал (бүх малын 22 хувьтай тэнцэх) хорогдож, 8.8 мянган малчин өрх малгүй болж, 32.7 мянган малчин өрхийн малын талаас илүү нь хорогдсон билээ. Зуд бол бэлчээрийн ачаалал хэтэрснийг “байгаль зохицуулж” байгаа хэлбэр юм. 2009-2010 оны ган-зудын дараа тэжээлийн хангамж /бэлчээрийн ба нэмэгдэл тэжээлийг оруулаад/ сайжирч, тухайн үед байсан 35 сая малд хангалттай хүрэлцэхээр байжээ. Гэвч малын тоо өссөнөөр 2020 он гэхэд тэжээлийн хангамж шаардагдах хэмжээний дөнгөж 36 хувь болтлоо буурч, нэг хонины идэх тэжээлийг 2.8 хонь хуваах хэмжээнд хүрсэн байна. Тэжээлийн ужиг дутагдал малын жин буурахад хүргэдэг төдийгүй өвчин, ган зудад эмзэг болгодог. Махан тарга авч чадаагүй мал биедээ өөх ихээр хуримтлуулдаг, үүнээс болж гулуузны морфологи бүтэц өөрчлөгдөж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нь буурч, махны экспорт зогсонги байдалд байна.
Хамгийн гол асуудал нь хөрөнгө орлогоо нэмэгдүүлэхийн тулд хавтгай руугаа тэлэх биш харин өөрт ногдсон хавтгай, түүн дээрх малын ашиг шим, чанарыг өсгөхөд малчдын сонирхлыг чиглүүлээгүй цагт МАА-н хөгжил тогтвортой хөгжлийн замд орох боломжгүй, төр, засгаас малын чанар, эрүүл мэндийг сайжруулах ямар ч хууль гаргаад, хэчнээн хөрөнгө зараад эрэлтгүй зүйлд зарцуулсан хөрөнгө, хүч элсэнд асгах ус шиг үр ямар ч үр дүнгүй болдог гэдгийг өнгөрсөн 30-д жилийн туршлага бэлхнээ харуулаад байгааг ухаарах цаг болжээ. Өнөөдөр мал зүйч, малын эмч шиг үнэлэмж бага, хэрэггүй мэргэжил байхгүй гэхэд хилсдэхгүй болсон, мал зүйч нар ч эрэлтгүй болсноо дагаад устаад дуусаж байгаа, харин малын эмч нар төсвөөс санхүүжүүлдэг эм, тарилга, үйлчилгээний хөлсний хүчинд нэр төдий үлдсэн болохоос биш, бодит эрэлт, үр өгөөж талаас нь харах юм бол ялгаагүй устаж байгаа мэргэжил болсон. Малаа чанаржуулах, эрүүлжүүлэх үндэсний хэрэгцээ, эрх ашиг байна уу гэвэл байгаа, гагцхүү энэ эрх ашгийг малын эзэн болсон малчны бодит хэрэгцээ, сонирхол болгох механизмаа хийхгүй байгаагаас төр, засгаас тавьсан зорилго хоосон цаас, гаргасан хөрөнгө үргүй зардал болж хувираад байгаа юм.
Мал маань сайн байна уу, муу байна уу гэдгийг чанар, ашиг шимээр нь хэмжинэ. Тэгвэл бид 1990 оноос хойш малын ашиг шимээ хэмжихээ огт больсныг хамгийн түрүүн ярих хэрэгтэй юм. 1990-д оноос өмнө сайн, муу ч одоогийн сум бүрээр малын жин, сүү, ноосны гарцыг жил бүр хэмжиж, мэдээлдэг, энэ нь малын чанарт хяналт тавих, сайжруулалт хийх, нэг үгээр малын генетик нөөцийг хамгаалах асуудалд амин чухал байв. Зах зээлийн өндөр хөгжилтэй орнуудад малын гарал үүсэл, чанар, ашиг шимийн мэдээлэл ферм бүрийн түвшинд маш нарийн гардаг, энэ нь малын нөөцийг хамгаалах, сайжруулах, бүтээгдэхүүний чанар, стандартыг хянах, фермер, малчдын урамшууллыг шийдэх гол мэдээлэл болдог. Харамсалтай нь манайд энэ тогтолцоо үндсээрээ байхгүй болоод удаж байна. Ашиг шим нь хаанаа, яаж, юунаас болж доройтоод байгаа бодит мэдээлэлгүйгээр малын чанарыг сайжруулах бодлого хир өгөөжтэй байх билээ.
Мал давжаарч муудаж байгааг манай малчид, хөдөөгөөр аялагсад, хэрэглэгчид байнга ярьдаг. Үндсэн шалтгаан нь ч тодорхой. 1990 онд манайх 25 орчим сая малтай, 90 орчим мянган малчин өрхтэй, 120 сая га бэлчээртэй байсан. Малын тоо хонин толгойгоор 55 сая буюу нэг малчин өрхөд 600 гаруй хонин толгой мал, 1 хонин толгойд 2.2 га бэлчээр ноогдож байв. Мал хангалттай тэжээлтэй учир ашиг шим сайтай, ган, зудаар орох нөөц нутагтай тул эрсдэлээс хамгаалагдаж байв. Тэгвэл өнөөдөр малын тоо 70 сая малтай, малчин өрх 180 мянга, бэлчээр 110 сая га болсон байна. 1 хонин толгойд 1 га бэлчээр ногдож байгаа нь 2 дахин буурсан байна. Цаг агаарын өөрчлөлт, бэлчээрийн доройтлоос болоод ургамлын гарц, зүйлийн бүрэлдэхүүн буурсныг тооцвол 1 хонинд ноогдох тэжээл үүнээс ч буурсан.
Өнөөдөр бэлчээрийн даац хэтэрсэн, хэтрээгүй гээд улсын хэмжээний тоо цаасан дээр тавиад маргалдаад суухын практик ач холбогдол бага юм. Мал ярьдаггүй л болохоос идэж байснаасаа 2 дахин бага идээд ирэхээр генетик нөөц нь алдагдаж, ашиг шим буурах нь тодорхой шүү дээ. Төв, суурин, дэд бүтэц, худаг, уст цэг, нуур, голын хөндий, шилжин ирэгсдэд дарагдсан томоохон хот орчим, төвийн бүсийн аймгууд гээд мал ихээр төвлөрсөн газрууд хамгийн их өртөж, нүдэн дээр цөлжиж байгааг базаад тооцвол нийт нутгийн 7% буюу нэг аймгийн нутагтай тэнцэх бэлчээрээ эргэж сэргэхээргүй болтол доройтуулсан судалгааны дүн гарсан нь бодит үндэстэй юм.
Малын тэжээлийн хангамжийн толь болсон ашиг шим нь бэлчээрийн даац хэтэрсэн эсэхийг батлах үзүүлэлт юм. Бэлчээр талхлагдсанаас соргог бэлчээртэй байсан үетэй харьцуулбал хонины амьдын жин 8.3%, ямааных 5.7%, ямааны ноолуурын гарц 2%, хонины ноосны гарц 8%, хонины саам 36%-р буурсан болохыг шинжлэх ухааны үндэстэй судалгаа харуулсан байна. Үүнээс зөвхөн ноос, ноолуур, махан ашиг шимийн гурван үзүүлэлтээр тооцоход орлогын алдагдал жил бүр 1 малчин өрхөд 2.6 сая төгрөг, улсын хэмжээнд 368 тэрбум төгрөг болж байна.
Дээрхээс малын тоог бэлчээрийн даацад тохирох хэмжээнд аваачих гарц байна уу, малчид хүлээж авах уу гэдэг хамгийн гол асуудал урган гарна. Ийм бүрэн боломжтой, гагцхүү олох ашиг орлогынх нь бодитой тооцоон суурилсан ойлгуулан таниулах сургалт хийхэд орон нутгийн захиргаа болон малчид маш их дэмжин хүлээж авдаг болохыг 2015 оноос хойш 13 аймгийн 20 гаруй сумдад явуулсан сургалт, туршилт харуулж байна.
Доорх хүснэгтэд малын тоог аажим буюу жилд 6 хувь орчим бууруулахад бэлчээрийн ачаалал багасаж, малын идэш тэжээлийн хангамж, ашиг шим сайжран, малаа аж ахуйн эргэлтэд оруулж борлуулснаар малчин өрхийн орлого өсөж буйг 126 мянган малтай, бэлчээрийн даац 71.4%-р хэтэрсэн, 1 малчин өрх нь 234 толгой (тэмээ 3, адуу 9, үхэр 11, хонь 89, ямаа 122), хонин толгойгоор 343 малтай сумын жишээн дээр хийсэн сүргийн эргэлтийн тооцоогоор харуулав. Малчин өрх малынхаа тоог жилд дунджаар бог 8%, бод 6%-р 5 жилийн турш бууруулахад малчин өрхийн мөнгөн орлого 7.6 саяас 12.5 сая болж 64%-р өсөж байна. 1 хонин толгой малаас авах орлого буюу бүтээмж 20.7 мянгаас 52.6 мянган төгрөг болж 2.5 дахин өсөж байна. Харин малчид одоогийнх шигээ малаа өсгөөд явбал 5 жилийн дараа 1 өрхийн малын тоо 485 хонин толгой болж, бэлчээрийн даац хэтрэлт 126% болж, малын тэжээл хангамж, ашиг шим, борлуулалт буурснаар малчин өрхийн мөнгөн орлого 9.2 сая төгрөг болж, малаа цөөлөх үеийн орлогоос 3.3 сая төгрөг буюу 26%-р бага байна. Малын тоог бэлчээрийн даацад нийцүүлснээр зөвхөн малчин өрхийн орлого илүү нэмэгдээд зогсохгүй зэрлэг амьтан, ургамлын амьдрах орчин тэлж, сэргэн байгаль орчин, аялал жуулчлалаар орон нутгийн эдийн засгийг солонгоруулах ач холбогдолтой юм.
Малын тоог бэлчээрийн даацад нийцүүлснээр малчин өрхийн орлого нэмэгдэх нь
Үзүүлэлт |
Суурь |
Жил 1 |
Жил 2 |
Жил 3 |
Жил 4 |
Жил 5 |
Сумын мал, мянган толгой |
126 |
119 |
112 |
105 |
99 |
93 |
Сумын мал, мянган хонин толгой |
185 |
174 |
163 |
154 |
144 |
136 |
Малчин өрхийн малын тоо, хонин толгой |
343 |
318 |
296 |
275 |
255 |
237 |
Малчин өрхийн нийт орлого, сая төгрөг |
11.2 |
17.5 |
17.1 |
16.8 |
16.4 |
16.0 |
Өрхийн дотооддоо хэрэглэсэн бүтээгдэхүүн, сая төгрөг |
3.6 |
3.6 |
3.6 |
3.6 |
3.6 |
3.6 |
Малчин өрхийн мөнгөн орлого, сая төгрөг |
7.6 |
13.9 |
13.6 |
13.2 |
12.9 |
12.5 |
Мал цөөлснөөр хадгаламж, хөрөнгө оруулалтын эх үүсвэр бүрдүүлэх боломж 1, сая төгрөг |
0.0 |
2.8 |
2.7 |
2.6 |
2.4 |
2.3 |
1 хонин толгойд ногдох мөнгөн орлого, мянган төгрөг |
20.7 |
43.7 |
45.9 |
48.2 |
50.5 |
52.6 |
Бэлчээрийн даац ашиглалтын % |
171.4 |
171.4 |
159.4 |
148.2 |
137.7 |
128.0 |
1 Орлого гэдэг нь тухайн жилд шинээр бий болгосон баялаг, харин байсан малаа бууруулах нь шинээр орлого олж байгаа хэрэг биш, мал гэдэг хөрөнгөө мөнгө болгож байгаа хэлбэр бөгөөд цаашид хадгаламж юм уу үйлдвэрлэлд оруулах хөрөнгийн эх үүсвэр болгон ашиглаж болно. Энэхүү боломж 1 өрхөд дунджаар 2.6 сая төгрөг буюу 10 өрхтэй бүлэг дээр жилдээ 26 сая төгрөг хуримтлагдаж байна.
Бэлчээрийн даац хэтэрсэн эсэхийг газар дээр нь малаа маллаж байгаа малчид л хамгийн сайн мэдэрч байдаг. Учир нь бэлчээрийн олдоц нь тухайн жилийн цаг агаарын нэн хувьсамтгай нөхцөл, мал бэлчээх зай, нүүдэл хийх боломж, усгүй, бартаа саадаас хүрэх боломжгүй, ялаа шумуулаас мал тогтдоггүй гээд маш олон хүчин зүйлээс хамаардаг тул энэ бүгдийг төвлөрсөн журмаар тооцоход ерөнхий баримжаанаас хэтрэхгүй. Харин хариуцлагыг нь хүлээх малчид өөрсдөө хил заагаа тогтоож, хөрштэйгөө зөвшилцөөд ирэхээр ашиглалтын бодит талбай гарч, энэ үндсэн дээр даац тооцогдох нь хамгийн зөв болохыг бодит туршлага харуулж байна. НҮБ-н Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилттэй ENSURE төслөөр Бодлого судлалын төвөөс хэрэгжүүлсэн туршилтын хүрээнд 4 аймгийн 13 сумын малчдын 225 бүлэг энэ зарчмаар хил заагаа тогтоон бэлчээр ашиглалтын гэрээ байгуулж, мал борлуулалтын урамшуулал олгосны үр дүнд малын тоог хонин толгойд шилжүүлснээр 2020-2021 онд 2 жил дараалан цөөлсөн бөгөөд бууралтын хэмжээ нь яг ижил нөхцөлд байсан төсөлд хамрагдаагүй малчидтай харьцуулахад 10.1%-р илүү байна.
Ийнхүү малчдын амьжиргааг бууруулахгүйгээр малыг аж ахуйн эргэлтэд оруулан борлуулах замаар бэлчээрийн ачааллыг бууруулж, ингэснээр малын эрсдэл даах чадвар, мал, МАА-н бүтээгдэхүүний чанар, ашиг шим, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн малчдын амьжиргааг дээшлүүлэх алсын хараа бүхий тогтвортой хөгжлийн бодлого хэрэгтэйг бодит судалгаа, тооцоо харуулж байна.
Энэхүү бодлогын зорилтыг “Алсын хараа 2050”-д тодорхой заасан байна. Үүнд хөдөө аж ахуйг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөр, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ гэж заажээ. Мөн Засгийн газраас 2030 он гэхэд хөдөө аж ахуйн гаралтай хүлэмжийн хийн ялгарлыг 5.28 сая тонн CO2e-ээр бууруулах зорилт тавьж, үүнийг малын тоог цөөлөх замаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Дээрх бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх гарц нь малын тоог биш чанарыг урамшуулах эрх зүй, зохицуулалтын орчин юм. Үүнд Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дөрвөн улирлын бэлчээрийг гэрээгээр хариуцлагатай ашиглах эрх зүйг орчныг бүрдүүлэх, малын тоо толгойн албан татварын орлогыг малаа эдийн засгийн эргэлтэд оруулж борлуулах урамшууллын хөшүүрэг болгон ашиглах, мал, түүхий эдийн чанарын ялгавартай үнийн тогтолцоо нэвтрүүлэх, сайн малчин шалгаруулахад бэлчээрээ даацад нь тохируулж зохистой ашиглаж байгааг гол шалгуур болгох зэрэг цогц арга хэмжээ шаардагдана.
Базаад хэлбэл манай “мянгат малчин” сайн малчин байж чадахгүйн учир нь хөрөнгө, орлогоо шударга бус аргаар өсгөдөг юм байна. Сайн малчин болъё гэвэл малын үндэс, хойч үеийнхээ өмч болсон бэлчээрээ доройтуулж, ядруу нэгний бэлчээрийг булаан малаа өсгөж, дошин дээрээ аархах биш, харин бэлчээрээ хот айл, бүлгээрээ гэрээлэн зохистой ашигладаг, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн чанартай мал, бүтээгдэхүүнээрээ дэлхийн тавцанд өрсөлдөгч болох хэрэгтэй байх нь.
Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах нь малчдын чинээлэг давхаргын эсрэг ч юм уу МАА-д хөрөнгө оруулалтыг хавчих гэсэн бодлого биш юм. Бэлчээрийг гэрээгээр ашиглуулахдаа одоо байгаа малын толгойн тоо, ашиглаж байгаа бэлчээрийг нь суурь болгох тул чинээлэг малчдын бэлчээрийн эрх ч нэгэн адил баталгаажиж хамгаалагдана. Гагцхүү өөрсдийн нөлөө, хэлхээ холбоог ашиглан бэлчээрийг сорчлон ашигладаг, бусдыг хохироон шахаж, бэлчээрээ тэлж малаа өсгөдөг буруу практикийг халж, сайн засаглалын зарчимд нийцүүлэх юм. Сайн засаглал нь хууль дээдлэх, ил тод байх, эрх ашиг нь хөндөгдөгсдийн оролцоог хангах, тэдний өмнө хариуцлага хүлээдэг байх гэсэн гол дөрвөн зарчмыг л шаарддаг. Баян, ядуу, тавиул малтан, эрчимжсэн МАА-д шинээр хөрөнгө оруулагч хэн ч бай бэлчээрийн эрхээ тэлж л байгаа бол үүнээс болоод хохирогч байгаа эсэхэд ил тод үнэлгээ хийдэг, тэдний эрх ашгийг оролцуулж, харгалзан үздэг, хохиролгүй болгох асуудлыг л хуульчилна гэсэн үг. Өөрөөр хэлбэл нийгмийн шударга ёсонд нийцүүлэн хуулийн хүрээнд ашиг орлогоо нэмэгдүүлж болдог, бусдын эрх ашгийг түүний дотор үе үеийнхний өмч болсон газрын чанарыг хадгалах төрийн эрх ашгийг дээдлэх зарчмыг л мөрдүүлнэ гэсэн үг.
Шударгаар олсон хөрөнгө тогтдог, үр удамдаа буянтай гэж ярьдаг. Ийм сайн малчныг төрүүлэхийн төлөө өнөөгийн малчдын овсгоо, зүтгэлийг зөв замаар чиглүүлж чадах эрх зүй, зохицуулалтын орчноо манай төр бий болгох хэрэгтэй болох нь. Үнэхээр сайн малчин бол төр, засгийн шийдвэрийг хүлээгээд суулгүй хөрш малчид, нутгийн захиргаатайгаа хамтран санаачилга гарган үлгэрлээд эхлэх хэрэгтэй болох нь.
БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ