Бэлчээрийн даацыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх шинэлэг механизмыг хэрэгжүүлж эхэллээ
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал 2021 оноос мөрдөгдөж буй хуулийн дагуу малын толгойн албан татварыг хураах, зарцуулах журам баталж , хонин толгойд 800 төгрөгийн татвар тогтоож, үүнээс 300 төгрөгийг бэлчээрийн даац хэтрэлтийг бууруулах хөшүүрэг болгож малаа аж ахуйн эргэлтэд оруулсны урамшуулалд олгох шийдвэр гаргалаа.
Түүнээс гадна малын эрүүл мэнд, үржлийн ажил, тэжээл, ус хангамж, байгаль хамгаалах зэрэг хүрээнд тулгамдсан асуудлаа шийдвэрлэх зорилгоор малчдаас ирүүлсэн саналыг санхүүжүүлэхэд 350 төгрөг зарцуулахаар журамласан бол үлдсэн 150 төгрөгийг орон нутгийн засаг захиргаанаас малчдын саналыг хэрэгжүүлэх, хяналт тавихтай холбогдсон урсгал зардлыг нөхөх, сумын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх зэрэг нийтлэг үйл ажиллагаанд зарцуулах юм.
Ийнхүү Баянцагаан сум малын тоо толгойн албан татварын хүрээнд экосистемийн үйлчилгээний төлбөрийн механизмыг нэвтрүүлэх эрхзүйн зохицуулалтыг бий болгож буй Монгол Улсын анхны сум болж байна.
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын хувьд хонин толгойд ногдуулсан 800 төгрөгийн татвар нь 300-500 орчим төгрөгийн татвартай зэргэлдээ сумдтай харьцуулахад өндөр мэт боловч өрх бүр төлсөн 800 төгрөгийн татвараасаа 81.25% буюу 650 төгрөг (300+350=650 буюу 800-ын 81.25%)-ийн шууд ашиг хүртэхээр журамласанаараа онцлог ялгаатай байгаа юм.
Учир нь малын тоо толгойн татварыг төвлөрүүлэн , малчдын саналыг багийн хурлаар эрэмбэлж, цөөн саналыг санхүүжүүлэх байдлаар хэрэгжүүлж ирсэн орон нутгийн хөгжлийн сангийн одоогийн журмын хэрэгжилтийн өнгөрсөн түүхээс харвал нөлөө бүхий цөөнх хамгийн их ашиг хүртэж, харин дийлэнх ядуу малчид бага ашиг хүртэж иржээ.
Малын тоо толгойн татварын орлогыг энэ журмаар зарцуулдаг байдал үргэжилбэл бэлчээрийн даац хэтрэлтийг бууруулах эдийн засгийн хөшүүрэг болох ЭСҮТ-г нэвтрүүлэх нь эргэлзээтэй болж орлого багатай малчдын төлсөн татварын орлогоор нөлөө бүхий цөөнхийн сонирхолд нийцсэн саналыг санхүүжүүлэх зарчим уруу орох хандлагтай байгаа юм.
БОАЖЯ, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь” төслийн санхүүжилтээр төслийн сумдад Бэлчээрийн менежментийн хөтөлбөр хэрэгжүүлж буй “Бодлого судлалын төв” төрийн бус байгууллага тус хөтөлбөрийн хүрээнд ийнхүү Баянцагаан суманд бэлчээрийн даацыг бууруулах замаар эко системийн үйлчилгээг дэмжих орон нутгийн шинэлэг эрхзүйн зохицуулалтыг боловсруулж батлахад сумын засаг захиргаанд мэргэжлийн туслалцаа үзүүлж ажиллаа.
Экосистемийн үйлчилгээний төлбөр (ЭСҮТ) нь байгаль хамгаалах шинэлэг хэрэгсэл бөгөөд усны эх үүсвэр, ой хамгаалахаас эхлээд нүүрстөрөгчийн хийг шингээх, байгалийн үзэсгэлэнг хойч үедээ хадгалж үлдэх зэргээр өөрийн ашиглаж байгаа газар дээрээ экосистемийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээдэд олгох татаас, төлбөрийн хэлбэр юм.
Монгол орны нэн өвөрмөц биологийн олон янз байдалд учирч байгаа гол аюулын нэг нь бэлчээрийн даац хэтрэлт, талхагдал юм. Газрын чанарыг доройтуулалгүй ашиглаж хойч үедээ өвлүүлж үлдээх үндсэн үүргийг орон нутгийн засаг захиргаа хүлээдэг ч төсвийн хүрэлцээгүй байдал, эдийн засгийн хөшүүрэггүйн улмаас бэлчээрийн талхагдлыг зогсоож, урьдчилан сэргийлэх чиг үүргээ төдийлөн хэрэгжүүлж чадахгүй явсаар ирсэн юм.