БИЧИЛ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛЖ САНХҮҮЖИЛТ ОЛГОНО
Байгаль орчин, аялал, жуулчлалын яам (БОАЖЯ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн санхүүжилтээр төслийн зорилтот газар нутагт үйл ажиллагаа явуулж буй зорилтот үр шим хүртэгчдийн амьжиргааг дэмжих, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх замаар биологийн олон янз байдлыг хамгаалах, эко системийн үйлчилгээг сайжруулах, газрын доройтлыг бууруулах зорилгоор БИЧИЛ ТӨСӨЛ сонгон шалгаруулж санхүүжүүлнэ.
БИЧИЛ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ХУГАЦАА
Бичил төслийн саналын 2021 оны 6 сарын 25-ний өдрийн 17:00 цагийн дотор хүлээн авна. Энэ хугацаанаас хожимдуулж ирүүлсэн төслийн саналыг хүлээн авахаас татгалзана. Хүндэтгэн үзэх шалтгаан (хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаан)-тай бол түүнийг нотолсон баримтыг хавсарган бичил төслийн саналын үнэлгээнээс өмнө ирүүлбэл хүлээж авч болно.
БИЧИЛ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗАР НУТАГ
Бөхөн шарын нуруу: Архангай аймгийн Батцэнгэл, Хайрхан, Эрдэнэмандал, Өлзийт сум,
Тарвагатайн нуруу: Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл сум,
Зармангийн говь: Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст, Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ сум,
Улаан шалын хоолой: Баянхонгор аймгийн Баянцагаан, Баацагаан, Говь-Алтай аймгийн Чандмань сум
БИЧИЛ ТӨСЛИЙН ЗОРИЛТОТ ҮР ШИМ ХҮРТЭГЧ
Үр шим хүртэгч нь 7-оос цөөнгүй гишүүнтэй ХУУЛИЙН ЭТГЭЭД байна. Үүнд:
- малчдын бүлэг,
- бэлчээр ашиглагчдын хэсэг,
- байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл,
- ойн нөхөрлөл,
- зэрлэг амьтан хамгаалах нөхөрлөл,
- эмэгтэйчүүдийн бүлэг зэрэг сайн дураар эвлэлдэн нэгдсэн, цаашид хамтран үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцож, Монгол Улсын холбогдох хуулийн дагуу зохион байгуулагдаж, Улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн хоршоо, нөхөрлөл, төрийн бус байгууллага байж болно.
САНХҮҮЖҮҮЛЭХ БИЧИЛ ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Бичил төслийн хүрээнд дараах үйл ажиллагааны чиглэл санал болгож болно.
Ерөнхий чиглэл | Үйл ажиллагааны жишиг санаа |
Зэрлэг амьтан, ургамал хамгаалах санаачилгууд (цоохор ирвэс, хар сүүлтий, аргаль, янгир, халиун буга, баданга хүдэр, зүүнгарын улаан гоёо зэрэг) | -Нутгийн иргэдийн оролцоотой зэрлэг амьтны мониторинг хийх
-Хулгайн ан, эд эрхтний хууль бус худалдаатай тэмцэх шинэлэг санаачилга -Ховор эмийн болон бусад ашигт ургамал /чихэр өвс, зүүн гарын улаан гоёо зэрэг/ тарьмалжуулан хамгаалах -Нутгийн иргэдэд түшиглэсэн зэрлэг амьтан ургамал хамгаалах санаачилга -Зэрлэг амьтны амьдрах орчныг хамгаалах -Зэрлэг амьтны усан хангамжийг сайжруулах -Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүс, орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтад иргэдийн оролцоог дэмжих |
CАНХҮҮЖҮҮЛЭХГҮЙ АРГА ХЭМЖЭЭ, БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ
Дараах зүйлсийг худалдан авах, санхүүжүүлэхийг хориглоно. Үүнд:
- Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл;
- Тансаг хэрэглээний эд зүйлс;
- Олон улсын онгоцны тийз;
- Олон улсын сургалт;
- Эм, эмийн бүтээгдэхүүн;
- Химийн найрлагатай ургамлын бордоо, бодис, урвалж;
- Автомашин;
- Бусдын урьд өмнө хэрэглэж байсан хуучин тоног төхөөрөмж;
- Байгаль орчинд сөрөг нөлөөтэй аливаа бараа, ажил, үйлчилгээ.
БИЧИЛ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ОРОЛЦОЖ БУЙ ЗОРИЛТОТ ҮР ШИМ ХҮРТЭГЧИД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
- Санал болгож буй бичил төслийн үйл ажиллагааг нийт гишүүдийг оролцуулж, багаараа хамтран хэрэгжүүлэх;
- Бичил төслийг төсөл хэрэгжих хугацаанд хэрэгжүүлэх боломжтой байх ба үүний дагуу үйл ажиллагаа явуулах чадавх, нөөцийн талаар саналд тусгасан байх;
- Сум хөгжүүлэх сан болон бусад сан, олон улсын төсөл, хөтөлбөрөөс урьд өмнө буцалтгүй тусламж, зээл авсан бол зориулалтын бусаар ашигласан муу түүхгүй байх, сүүлийн 3 жилийн хугацаанд уг эх үүсвэрээс ижил төрлийн давхацсан буцалтгүй тусламж, зээл аваагүй байх;
- Гишүүдийн 50-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх;
- Тухайн газар нутагт төслөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх.
ЗОРИЛТОТ ҮР ШИМ ХҮРТЭГЧДИЙН БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
Бичил төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн зорилтот үр шим хүртэгч нь дараах баримт бичгийг бүрдүүлэн оролцоно. Үүнд:
- Бичил төслийн санхүүжилт авахыг хүссэн өргөдөл
- Хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бичил төслийн санал (маягтаар).
- Бичил төслийн сонгон шалгаруулалтад оролцох асуудлыг хэлэлцсэн хуралдан дэмжсэн, бичил төслийн санхүүжилтийг дансандаа авахыг зөвшөөрсөн, уг хөрөнгийг зориулалтын дагуу ашиглахыг баталгаажуулсан болон бичил төсөл хариуцан ажиллах гишүүнийг сонгосон тухай зорилтот үр шим хүртэгчийн бүх гишүүдийн хурлын протокол. (Бүх гишүүд оролцон дэмжиж, гарын үсэг зурсан байна).
- Зорилтот үр шим хүртэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
- Зорилтот үр шим хүртэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн өргүй гэсэн тодорхойлолт (харилцагч банкнаас авна).
- Бичил төсөл хэрэгжүүлэх газар нутгийг хамарсан газар өмчлөх, эзэмших, ашиглах гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар эсхүл газар түрээслэх гэрээний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ (бичил төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай бол).
- Бичил төслийг хэрэгжүүлэх онцлогоос хамаарсан бусад баримт бичиг./ мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл гэх мэт/
БИЧИЛ ТӨСЛИЙН САНАЛ ХҮЛЭЭН АВАХ
Бичил төслийн санал боловсруулсан зорилтот үр шим хүртэгч нь бүрдүүлсэн баримт бичгүүдийг сонгон шалгаруулах материал хүлээн авах эцсийн хугацаанд багтаан Сумын тогтвортой хөгжлийн зөвлөлд хүргүүлнэ.
Бичил төслийн санал, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг бичил төслийн санал боловсруулсан зорилтот үр шим хүртэгч бүрэн хариуцна.
Бичил төслийн санал, хавсаргасан материалд худал мэдээлэл оруулсан, аливаа баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурч төөрөгдүүлэх оролдлого хийсэн бол бичил төслийг шалгаруулах, санхүүжилт олгохоос татгалзана.
Бичил төслийн саналуудын үнэлгээг хийхдээ олон нийтэд ил тод байх зарчим баримталж,
- Сумын тогтвортой хөгжлийн зөвлөл,
- Аймгийн хамтын ажиллагааны баг,
- Төсөл хэрэгжүүлэх нэгж (чиглэл хариуцсан мэргэжлийн зөвлөхүүд),
- БОАЖЯ-ны байгуулсан Бичил төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг үнэлнэ.
Бичил төсөл боловсруулсан зорилтот үр шим хүртэгч нь Сумын тогтвортой хөгжлийн зөвлөл, Аймгийн хамтын ажиллагааны баг, Төсөл хэрэгжүүлэх нэгж, Бичил төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн нэмж шаардсан баримт бичгүүдийг бүрдүүлж өгнө. Нэмэлт баримт бичиг бүрдүүлж өгөхөөс татгалзсан, бүрдүүлсэн баримт бичиг нь шаардлага хангахгүй тохиолдолд сонгон шалгаруулалтад тэнцээгүйд тооцно.
БИЧИЛ ТӨСӨЛ САНХҮҮЖҮҮЛЭХ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЭХ
Төсөл хэрэгжүүлэх нэгж нь бичил төслийн үр шим хүртэгч болон Сумын тогтвортой хөгжлийн зөвлөлд тухайн бичил төсөл сонгон шалгарсан, бичил төслийн санхүүжилт олгохыг зөвшөөрсөн тухай мэдэгдлийг батлагдсан санхүүжилтийн хэмжээ, бичил төсөл хэрэгжүүлэх хугацааг тодорхой тусган, харин татгалзсан мэдэгдлийг татгалзах болсон шалтгааныг тодорхой дурдан албан бичгээр хүргүүлнэ.
ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ
Бичил төслийн санхүүжилт авахаар сонгон шалгарсан үр шим хүртэгчидтэй бичил төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулна. Гурван талт гэрээг БОАЖЯ, Сумын засаг дарга болон үр шим хүртэгч байгуулна. Бичил төслийн санхүүжилтийг үе шаттай олгоно.
Бичил төслийн үр шим хүртэгчийн хүргүүлсэн санхүүжилтийн зарцуулалтын тайлан, санхүүгийн тайлан, нэхэмжлэх зэрэг баримт бичиг нь Монгол Улсын хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн байна.
Гурван талт гэрээ байгуулсан үр шим хүртэгчдийг худалдан авалт, санхүү, үйл ажиллагааны тайлагналтын чиглэлээр сургалтад хамруулна.