Ойн дагалт баялагын хураамжийн орлогоос ойн санг нөхөн сэргээнэ.
Газар нутгийнх нь 30 хувийг ойн сан эзэлдэг Завхан аймгийн Их-Уул сумын ойн тогтвортой менежментийн 2020-2027 оны төлөвлөгөөг боловсруулахад төсөл дэмжлэг үзүүлж аймгийн засаг даргаар батлуулахад бэлэн болгоод байна.
Мөн 2021онд хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд БОАЖЯ Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчидийн хуралд энэ төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэн ажиллах талаар чиглэл хүргүүлжээ.
Тус төлөвлөгөөнд 2021 онд тус сумын ойн сан бүхий газар модны үр түүх байнгын болон түр талбай байгуулах, ойн нөхөрлөл дундын мод үржүүлгийн газар байгуулах, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх, байгалийн сэргэн ургалтад туслах, ойжуулах, ойжуулалт хийсэн талбайг хашиж хамгаалан мал бэлчээрлэлтээс тусгаарлах, ойн цэвэрлэгээ зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөгөөнд тусгасан байна.
Мөн ойн дагалт баялгийг ашиглах, дахин боловсруулах талаар иргэд, нөхөрлөлийн гишүүдэд сургалт хийх, ойн мэдээлэл сургалт, сурталчилгааны төвүүдийг Сум дундын ойн ангийг түшиглэн байгуулж, иргэдэд танин мэдэхүйн сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор төсөл орон нутгийн ТББ, мэргэжилтнүүдтэй хамтран Завхан аймгийн Их-Уул суманд ойн дагалт баялаг ашигласны хураамжийг авах ажлыг зохион байгуулсны үр дүнд сумын төсөвт 204 орчим сая төгрөгийн орлого төвлөрүүлээд байна.
Хуулийн дагуу энэ хураамжийн орлогын 85-аас дээш хувийг ой хамгааллын үйл ажиллагаанд зарцуулах ёстой бөгөөд ойн тогтвортой менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан дээрх үйл ажиллагаануудыг дээрх хураамжийн төлбөрийн 85 хувь болох 177 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа юм.