40-60 км зам туулж ус уудаг говийн зэрлэг ан амьтад бэлчээртээ ундаалах боломжтой боллоо
Байгаль хамгаалагч Н. Мөнхдалай зэрлэг амьтдын хамгааллын хяналт мониторинг хийх гэж сумаасаа хамгийн багадаа 300-500 км мотоциклоор давхиж зорьсон газраа очдог. Говь цөл газарт айл нутагладаггүй эзэнгүй зэлүүд учир ганц нэгээрээ явж зэрлэг амьтдыг хамгаалах, мониторинг хийхэд амаргүй байдаг тухайгаа тэр яриандаа цухуйлгалаа. Гэхдээ тэр бэрхшээл тоочих гэсэнгүй ээ. Түүний ажлаа хийдэг ерөнхий дүр зураг товчхондоо энэ. 12 жил Зармангийн говийнхоо өргөн цэлгэр говь цөлийг өгсөж уруудан давхиж зэрлэг ан амьтадаа хамгаалсаар яваа нэгэн.
Өөрийнх нь хамгаалдаг хар сүүлтий зээр, аргаль хонины тархац нутаг Улаанхуцад хөв байгуулснаар зэрлэг амьтад ус уух гэж хамгийн ойрын Толь булаг, Зуун модны булаг руу 40-6О км замыг туулан явахгүй, бэлчээрээсээ ус уух боломжийг бүрдүүлж өгсөнд баярлаж байна гэж Баянхонгор аймгийн Шинэжинст сумын байгаль хамгаалагч Н.Мөнхдалай ярьж байна.
БОАЖЯ, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах” нь төслийн санхүүжилтээр Шинэжинст сумын нутаг сумын төвөөс баруун урагш 160 орчим км алс Улаан хуц уулын ард, Шилийн нурууны хойд үзүүрт байх бэсрэг аараг толгодын дундах баруун хойш харсан хадан дэвсгэртэй нарийн жалгын амыг бага хэмжээний хур тунадасны ус бууж тогтох боломжтой гэж үзэн хар сүүлтий зээр, аргаль хонины ундаалах хөв байгуулжээ.
Улаан хуц уулын аманд өмнө нь
дараа нь
Хөв байгуулах, сэргээх ажлыг Байгаль хамгаалагч Н. Мөнхдалай нутгийн иргэдээ удирдан өөрөө гар бие оролцон гүйцэтгэсэн байна. Өргөн уудам газар нутагтай, хамгаалах зэрлэг ан амьтад ихтэй говь нутагт ганц хөв байгуулаад байдал дээрдэхгүй гэдгийг мэдэх нутгийн иргэд, байгаль хамгаалагч нар юуны түрүүнд 3 хөв байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах саналыг төсөлд ирүүлсэн юм.
Нутгийн иргэдийн саналыг төсөл дэмжиж янгир ямаа, Цоохор ирвэсийн голлох нутаг болох Цармын нурууны баруун төгсгөл хэсэгт байнгын урсацтай “Дархан” булгийн усыг хуримтлуулах цөөрмийг сэргээн засаж ус хуримтлах боломжийг бүрдүүллээ.
Дархан булаг өмнө нь
дараа нь
Мөн нутгийн иргэд Шинэжинст сумын нутаг Залаажинстийн нурууны зүүн үзүүрт Зэрлэг ан амьтад Янгир ямаа, Аргал хонь, Цоохор ирвэс элбэгтэй байнгын урсгалтай “Агьт” булгийн ундаргыг сэргээж байгальд нь тохируулан засаж сэргээсэн нь энэ .
Агьт булаг
“Янгир ямаа, Цоохор ирвэсийн голлох нутаг “Агьт”, “Дархан” булгийн усыг хуримтлуулан цөөрөм байгуулсан нь усны хүртээмжийг нэмэгдүүлж зэрлэг ан амьтад богино хугацаанд мал ирэхээс өмнө хангалттай усаа уух боломжийг бүрдүүллээ гэж байгаль хамгаалагч Н.Мөнхдалай ярьж байна.
Ийнхүү тэрээр нутгийн малчид, иргэдтэйгээ хамтран зэрлэг амьтдын тархац нутгийн усан хангамжийг сайжруулах зорилгоор сумынхаа нутагт 3 хөв цөөрөм шинээр байгуулж ойр орчимд нь автомат камер суурилуулан зэрлэг ан амьтдын шилжилт хөдөлгөөн, тоо толгой, идэш тэжээлийн байдалд мониторинг хийн ажиллаж эхэллээ.
3 хөв цөөрөм байгуулаад л сэтгэл амран орхихгүйгээр зэрлэг ан амьтны усан хангамжийг сайжруулахын төлөө дахиад хийх ажил их байна гэдгээ байгаль хамгаалагч бас хэллээ.
“Говь цөлийн бүсдээ задгай ус маш цөөн, хоорондын зай 20-60км алслагдсан ялангуяа гантай үед идэштэй бэлчээрээс ус нь хэт хол байрлалтай байдаг учир амьтад байнга усаар дутагддаг. Мөн сумын нутагт байгаа булаг шандууд ихэвчлэн айлын малын бэлчээртэй давхацдаг зэргээр зэрлэг амьтдын усан хангамж хүрэлцээ говьд хэцүү. Цаашдаа энэ орчимд Нарны эрчим хүчээр ажилладаг ухаалах худаг гаргавал маш үр дүнтэй ажил болно гэж бодож байна” гэж Шинэжинст сумын байгаль хамгаалагч Н.Мөнхдалай ярьж байна.
Тэрээр Улаан шалын хоолой, Зармангийн говийн зэрлэг амьтны усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор саяхан байгуулсан нарны өргүүтэй худгийн тухай мэдээллийг олж мэджээ.
Төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багийн нутагт орших “Бургасны амны худаг” гэдэг хуучин гүн өрмийн худгийн цооногийг төслийн санхүүжилтээр сэргээн засварлаж, нарны өргүүртэй худаг болгон тохижуулж, хяналтын автомат камер суурилуулан 2020 оны 9 дүгээр сард тус суманд хүлээлгэн өгсөн юм.
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум, Бургасны амны Нарны өргүүртэй худаг
Нарны өргүүртэй худгийг ашиглалтад оруулах үеэр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын засаг дарга П. Нямдаваа; “ Санаачлага гаргаж санхүүжилтийн дэмжлэг үзүүлсэн төслийн хамт олонд нутгийн зон олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Нутгийн зон олон та бүхэн минь байгаль орчин, ан амьтнаа хайрлан дэд бүтэц бүтээн байгуулалтын ажлыг хамгаалж байхыг хүсье” гэжээ.
Төсөл зорилтот нутгууд дахь биологийн олон янз байдлын хамгаалал, эко системийн үйлчилгээнд чухал ач холбогдолтой булаг, шанд, рашааны эхийг хашиж хамгаалах, хөв цөөрөм байгуулах ажлыг нутгийн иргэдтэй хамтран зохион байгуулж зэрлэг ан амьтадын усан хангамжийг нэмэгдүүлэх, сайжруулах болон иргэдийн байгаль хамгаалах үйл ажиллагааны оролцоог дэмжин ажиллаж байна.