Нутгийн иргэд байгалийн нөөц ашигласны хураамжийн орлогоор байгалаа хамгаалах хүсэлтэй байна.
Монголчууд баруун бүсийн аймгууд руу ажил алба, аялал зугаалгаар яваад буцахдаа ёс мэт заавал зогсож, түр саатдаг газруудын нэг бол Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул сум. Монгол орны жимс болон хушны самарны томоохон нөөц нутгаас самар жимсээ базааж авах гэж тэр. Энэ нь Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл сумын ард иргэдийн амьжиргаанд ч чамгүй тустай. Товчхондоо энэ нутгийнхан ойгоо түшсэн амьдрал, аж ахуйтай улс.
Нутгийн иргэдээс гадна өөр газар нутгаас иргэд олноороо ирж ахуйн хэрэглээний болон арилжааны зорилгоор жимс самар түүж аваад буцна. Байгалийн дагалт баялаг нь хэдийгээр нөхөгддөг нөөц ч арчилж хамгаалж өөд татаж байхгүй бол устаж үгүй болох аюултайг энэ нутгийхан хамгийн сайн мэднэ. Жилээс жилд ойн дагалт баялаг болох жимс, самрын ургац нь багасч байгаад нутгийн иргэд санаа зовж байна.
Ой үгүй бол жимсгүй, самаргүй болно. Тийм учраас ойгоо хамгаалах ажилд зарцуулах зорилгоор нутгийн ойн нөхөрлөлүүд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ойн дагалт баялаг ашигласны хураамжийн төлбөрийг хувь хүн, аж ахуйн нэгжүүдээсээ хураах ажлыг энэ намар зохион байгуулж тус хоёр сум 204 сая төгрөг төвлөрүүлж чаджээ.
Хуулийн дагуу тус орлогын 85 хувийг эргүүлэн байгаль хамгаалалд зарцуулах ёстой учраас Их-Уул сумын ойн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулахаар сумын ирэх оны төсөвт нь суулгаж батлуулах санал бэлтгэжээ. Завхан аймгийн болон Их-Уул сумын Иргэдийн хурлын төлөөлөгчид энэ саналыг нааштай хүлээн авч ойн сангаа хамгаалах хүсэлтэй нутгийн иргэдийн санаачлагыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа юм байна.
БОАЖЯ, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төсөл Монгол орны биологийн олон янз байдалд чухал ач холбогдолтой Тарвагатайн нурууны ойн санг хамгаалах ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу ойн дагалт баялгийн хураамжийн орлогыг нэмэгдүүлэх, улмаар тус хуульд заасны дагуу олсон орлогын 85 ба түүнээс дээш хувийг эргүүлэн ой хамгаалал, ойн нөхөн сэргээлтэд зарцуулах боломжийг хангах ажлыг Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул сумын хэмжээнд туршин хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.
2020 онд Тарвагатайн нурууны тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын болон аялал жуулчлалын бүсэд самар их ургасан тул тусгай хамгаалалттай газрын Орчны бүсэд байрлах Их-Уул, Тосонцэнгэл сумын тус бүс нутгийн ойн нөхөрлөлийн гишүүд, олон нийт иргэдтэй уулзаж ойн дагалт баялгийг ашигласны хураамж төлбөр хураах талаархи мэдээллээр хангаж ажиллан хуулийн дагуу төлбөр хураамж хураах үйл ажиллагааг Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, 7 нөхөрлөлийн 23 гишүүн, идэвхитэн байгаль хамгаалагч нар, “Ногоон тэс” ТББ -тай хамтран зохион байгуулж байна.
Энэ үйл ажиллагааны үр дүнд Их уул сумын төсөвт дагалт баялагаас 203,956,486 төгрөгний орлого Тосонцэнгэл суманд 841,700 төгрөгний орлого нийт 204,766,686 төгрөгний хураамжийг төвлөрүүлээд байна.
Энэ жил самрын их ургалтын жил байсан бөгөөд БОАЖСайдын 2020 оны 08-р сарын 27-ны өдрийн “Ойгоос хуш модны самар бэлтгэн ашиглахыг бүсчилэн тогтоох тухай” А/577 тоот тушаалын дагуу Их-Уул сумаас үйлдвэрлэлийн ашиглалтаар самар бэлдэх болсонтой холбоотойгоор дагалт баялагаас олох орлого ийнхүү өмнөх жилүүдээс хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ.