ГОВИЙН ЗЭРЛЭГ АМЬТАН УНДААЛАХ ХУДАГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
Монгол орны биологийн олон янз байдлын хувьд чухал ач холбогдолтой Улаан шалын хоолой, Зармангийн говийн зэрлэг амьтны усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багийн нутагт орших “Бургасны амны худаг” гэдэг хуучин гүн өрмийн худгийн цооногийг төслийн санхүүжилтээр сэргээн засварлаж, нарны өргүүртэй худаг болгон тохижуулж, хяналтын автомат камер суурилуулан тус суманд хүлээлгэн өглөө.
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын засаг дарга П. Нямдаваа:
“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн санхүүгийн дэмжлэгээр орчин үеийн шийдэлтэй нарны өргүүртэй автомат камертай автомат худагтай боллоо. Санаачлага гаргаж санхүүжилт дэмжлэг үзүүлсэн төслийн хамт олонд нутгийн зон олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Нутгийн зон олон та бүхэн минь байгаль орчин, ан амьтнаа хайрлан дэд бүтэц бүтээн байгуулалтын ажлыг хамгаалж байхыг хүсье” гэжээ.