Ойн нөхөрлөлийн гишүүдийн амьжиргааг дэмжих, ойг хамгаалах арга замуудыг зөвлөж байна.
Завхан аймагт хэрэгжиж байгаа “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн захиалгаар Тарвагатайн нурууны ойн бүтэц, бүрэлдэхүүн, нас, өтгөрөл, нөөц, байгалийн сэргэн ургалтын төлөв байдал зэрэг үзүүлэлтийг тодорхойлох ойн тооллого судалгааг ШУТИС-ийн Ой модны сургалт судалгааны хүрээлэн гүйцэтгэлээ. Мөн ойн дагалт баялаг (жимс, самар)-ын тархалтыг тодорхойлж, нөөцийг үнэлэн, судалгааны бүс нутаг тус бүрээр мөн экологийн үнэт ач холбогдол бүхий булаг шандын байршил, биологийн голлох төрөл зүйлийн амьдрах орчин, малчдын өвөлжөө, хаваржааг тодорхойлж зураглав.
Нутгийн иргэд, нөхөрлөлийн гишүүдийг оролцуулан хийсэн тус тооллогын ажлын үр дүн, зөвлөмжид үндэслэн ойн нөхөрлөлүүдийн болон сум дундын ой ангийн ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлыг 2020 онд хийх юм.
Тарвагатайн нурууны нөхөрлөлүүдийн ойн талбайд хийсэн тооллогын үр дүнд тулгуурлан сумдын засаг захиргаа, нөхөрлөлүүдэд зөвлөмж гаргалаа. Үүнд;
Тарвагатайн нуруунд 2002 онд их хэмжээний газар нутгийг хамарсан ойн түймэр гарч, аюул учруулжээ. Судалгаа явуулсан дээж талбай бүрд ойн түймрийн ул мөр, сорви, түймрийн харлалт бага болон дунд хэмжээтэйгээр тохиолдож байна.
Ойн нөхөрлөлийн хувьд нөхөрлөлийн гишүүдийг ойн зохион байгуулалтын зураглал унших, таних сургалтад хамруулан чадавхжуулах, арчилгааны огтлол хийх анхан шатны сургалтад хамруулах, жимс жимсгэнэ боловсруулах арга ажиллагаанд сургах зэрэг арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай байгаа юм.
Завхан аймгийн Их-Уул сумын “Дэвшил” нөхөрлөл
Ойн санг хамгаалах үйл ажиллагаа эрчимтэй сайн хийгдэж байгаа ч ойн сангийн урд талаас хулгайн мод бэлтгэх эрсдэлтэй байгааг анхаарч ажиллах хэрэгтэй байна. 12 дээж талбайн 6 нь өсвөр ургацгүй, жижиг модны нөөц бага байгаа учир байгалийн сэргэн ургалтыг зориудаар дэмжих үйл ажиллагаа төлөвлөх шаардлагатай байна. Нохойн хошуу, аньс, үхрийн нүд гэх мэт жимсний нөөц ихтэй тул байгалийн дагалт баялаг тогтвортой жигд ашиглах төлөвлөлт хийх нь зүйтэй. Нөхөрлөлийн ахлагч идэвх санаачилгатай, хичээл зүтгэлтэй байгаа ч нөхөрлөлийн гишүүдийн тоо цөөн, оролцоо болон идэвх сул байна.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Агь-Наранбулаг нөхөрлөл
Байгалийн жимс, жимсгэнийн тархалтын талбайг малын бэлчээрлэлтээс зориудаар хамгаалах арга хэмжээ авах, жимс, жимсгэнэ боловсруулах жижиг үйлдвэрлэл хөгжүүлэх, байгалийн дагалт баялаг таниулах, сурталчлах эко аялал зохион байгуулах нь зүйтэй байна. Арчилгааны огтлолтыг мөн төлөвлөж хэрэгжүүлэх нь хэрэгтэй. Нөхөрлөлийн гишүүд идэвхтэй, жигд сайн ажиллаж байна.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ширээт нөхөрлөл
Тус нөхөрлөлийн талбайд мод бэлтгэлийн үйлдвэрлэл явагдаж байгаа тул бэлтгэл явуулах эргэлтийг болон зориудаар ойг нөхөн сэргээх арга хэмжээ төлөвлөх шаардлагатай байна. Ялангуяа тодорхой хэсэг газарт сэргэн ургалт бага, жижиг модны нөөц бага байгааг хэрэгтэй байна. Нөхөрлөлийн гишүүд жигд сайн хичээл зүтгэлтэй, санаачилга сайтай, ажил хэрэгч хариуцлагатай.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Зулзган мод нөхөрлөл
Тус нөхөрлөлийн талбай Тосонцэнгэлийн мод ашиглалтын үндсэн бүс болж байгаа тул мод бэлтгэл явуулах эргэлтийн талбайг сумын ойн ангитай хамтран төлөвлөж, мөрдөж ажиллах шаардлагатай. Байгалийн сэргэн ургалт эрчимтэй явагдаж байгаа тул арчилгааны огтлолтын болон ойн хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулж ашиглах, ойжуулалтын ажил явуулах, мод тээврийн замын зэрэг төлөвлөлтүүдийг тус тус хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Нөхөрлөлийн гишүүдийн оролцоо жигд бус, зохион байгуулалт сул байгаа нь ажиглагдсан.