Архангай аймгийн Бөхөн шарын нурууны ойд тооллого хийлээ
Архангай аймагт хэрэгжиж байгаа “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн захиалгаар Бөхөн шарын нурууны ойн бүтэц, бүрэлдэхүүн, нас, өтгөрөл, нөөц, байгалийн сэргэн ургалтын төлөв байдал зэрэг үзүүлэлтийг тодорхойлох ойн тооллого судалгааг ШУТИС-ийн Ой модны сургалт судалгааны хүрээлэн гүйцэтгэлээ. Мөн ойн дагалт баялаг (жимс, самар)-ын тархалтыг тодорхойлж, нөөцийг үнэлэн, судалгааны бүс нутаг тус бүрээр мөн экологийн үнэт ач холбогдол бүхий булаг шандын байршил, биологийн голлох төрөл зүйлийн амьдрах орчин, малчдын өвөлжөө, хаваржааг тодорхойлж зураглав.
Нутгийн иргэд, нөхөрлөлийн гишүүдийг оролцуулан хийсэн тус тооллогын ажлын үр дүн, зөвлөмжид үндэслэн ойн нөхөрлөлүүдийн болон сум дундын ой ангийн ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлыг 2020 онд хийх юм.
Бөхөн шарын нурууны нөхөрлөлүүдийн ойн талбайд хийсэн тооллогын үр дүнд тулгуурлан сумдын засаг захиргаа, нөхөрлөлүүдэд зөвлөмж гаргалаа. Үүнд;
- 2007 онд Бөхөн шарын нурууны ойд их талбайг хамарсан түймэр гарч, босоо хатсан, унаанги ихтэй байгаа учраас тул түймэрт өртсөн болон мод бэлтгэсэн талбайг зориудаар нөхөн сэргээх ойжуулалт хийх нэгдсэн төлөвлөлтийг боловсруулж, санхүү хөрөнгийг жил бүр сумын төсөвт суулгаж ажиллах,
- Ойд арчилгаа, цэвэрлэгээний огтлолт явуулах төлөвлөлтийг хийж мод бэлтгэлийн эргэлтийн талбайг нөхөрлөл болон сумын хэмжээнд тооцож төлөвлөн мөрдөж ажиллах,
- Түймэрт өртсөн ойн сангийн талбайд ойн цэвэрлэгээ явуулах, ойн модлог хоёрдогч нөөцийг дахин боловсруулж үйлдвэрлэл явуулах ажлыг ойн нөхөрлөлүүдийн менежментийн төлөвлөгөөнд тусгах,
- Ойгоо хамгаалахын зэрэгцээ ойн нөхөрлөлийн үйл ажиллагааг тогтворжуулах, нөхөрлөлийн гишүүдийн амьжиргаанд нь нэмэр болох зорилгоор ойн цэвэрлэгээгээр хатсан, унасан модыг авч ашиглах боломжийг бүрдүүлэхийг зөвлөж байна.
Үүний зэрэгцээ Бөхөн шарын нуруунд хамаарах ойд хад, нэрс, улаалзгана жимс армаг тармаг ургадаг, аж ахуйн зориулалтаар ашиглах нөөц байхгүй зөвхөн ахуйн хэрэгцээнд л ашиглах боломжтой. Тус нурууны ой нь буга, согоо, бор гөрөөс, гахай зэрэг туурайтан болон бусад амьтдын оршин амьдрах экологийн орчин болдог ба хулгайн ан хийдэг байдал тасрахгүй байгаа тул ан амьтдыг хууль бусаар агнах, дайжуулах гэмт хэргээс хамгаалах ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Урт шивэрт нөхөрлөл
Нөхөрлөлийн нийт талбайн байгалийн сэргэн ургалт бага байна. 2007 оны ойн түймрийн улмаас тодорхой газруудад хатсан босоо мод ихтэй сийрэг ой үүссэн бөгөөд нөхөрлөлийн гишүүд нь багаар ажиллаж унанги цэвэрлэдэг туршлагатай. Иймд эдгээр талбайнууд дээр цаашид цэвэрлэгээний ажил төлөвлөн, гарсан нөөцийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоход анхаарах хэрэгтэй байна. Мөн тухайн газруудад болон нөхөрлөлийн нийт талбайд ойжуулалт, байгалийн сэргэн ургалтыг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай байна.
Нөхөрлөлийн эзэмшлийн талбайн моддын дундаж нас 70-161, нөөц 133-234 м3/га байгааг анхааран ойн тааварлаг чанарыг алдагдуулахгүйгээр арчилгааны огтлолтыг ойн тогтвортой менежментийн төлөвлөгөөндөө тусгаж, ойн анги, ойн мэргэжлийн байгууллагатай гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр гарсан ашгийг нөхөрлөлийн дундын санд байршуулах, ой хамгааллын үйл ажиллагаанд зарцуулах, идэвхтэй гишүүдээ урамшуулах байдлаар ашгийг жигд хүртэх хэлбэрээр гүйцэтгэх хэрэгтэй.
Эртний хөшөө дурсгал, хэрэгсүүр болон археологийн олдвор олонтой төдийгүй элсэн тогтоц, ой мод хосолсон ландшафт бүхий байгалийн үзэсгэлэнт газар нутаг учраас аялал жуулчлал хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй юм.
Архангай аймгийн Хайрхан сумын Нягт нөхөрлөл
Уулын ам бүрээс горхи урсдаг, 5 булаг шанд бүртгэгдсэн. Нийт талбайн байгалийн сэргэн ургалт бага байгаа нь ойжуулалтын ажил явуулах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих мөн мал бэлчээрлэдэг газруудад өсвөр модыг хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай байна.
Том модны нөөцтэй газраас үйлдвэрлэлийн ашиглалтыг төлөвлөж хийх, ойн моддын дундаж нас 76-179 байгааг харгалзан насны бүтцэд анхаарч арчилгааны огтлолтыг ойн тогтвортой менежментийн төлөвлөгөөндөө тусгаж, ойн анги, ойн мэргэжлийн байгууллагатай гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр гарсан ашгийг нөхөрлөлийн дундын санд байршуулах, ой хамгааллын үйл ажиллагаанд зарцуулах, идэвхтэй гишүүдээ урамшуулах байдлаар ашгийг жигд хүртэх хэлбэрээр гүйцэтгэх хэрэгтэй.
Нөхөрлөлийн нийт талбайд эмийн ургамлын тархалт хангалттай байгааг анхаарч зах зээлийг судлах, эртний хөшөө, хэрэгсүүртэй учраас эко аялал жуулчлал хөгжүүлэх нь тохиромжтой.
Архангай аймгийн Батцэнгэл сумын Бөхөн шар нөхөрлөл
Горхи, булаг шанд нь ойн тархалтын урд хэсгээр голчлон байрлах ба хойд хэсэгтээ усны хомсдолтой. Өвөлжөө, хаваржаа байхгүй бөгөөд малчид богино хугацаанд оторлох замаар ашигладаг. Сум болон нутгийн айлуудаас алслагдмал, өвөлжөө, хаваржаа байхгүй. Харин хулгайн ан ихтэй, эмийн ургамлын нөөцтэй байна.
Байгалийн сэргэн ургалт муу, жижиг мод бага газарт ойжуулалт, байгалийн сэргэн ургалтыг дэмжих ажил төлөвлөх хэрэгтэй. Мөн тодорхой бүсэд үйлдвэрлэлийн ашиглалт төлөвлөх, нэг модонд ноогдох тэжээлийн талбайг ихэсгэх, гэрлийн хангамжийг нэмэгдүүлэх, өсөлтийг түргэтгэх зорилгоор ойн ангийн тусгаарлаж өгсөн талбай дээр ойн мэргэжилтний удирдлага доор гэрэлжүүлэх огтлолтыг явуулах нь зүйтэй.
Архангай аймгийн Батцэнгэл сумын Өндөр овоот нөхөрлөл
Уулын ам бүрээс горхи урсдаг, 5 булаг шанд бүртгэгдсэн. Горхитой ам, болон уулын хяраар бор гөрөөс, буга, согооны хэвтэр элбэг байна. Өвөлжөө ихтэй, малын бэлчээрийн эрчим дунд зэрэг, байгалийн сэргэн ургалт бага байгаа тул ойжуулалт болон байгалийн сэргэн ургалтыг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах шаардлагатай. Түймэрт өртсөний зэрэгцээ ойг хөвөөлөн ургасан залуу ой харьцангуй ихтэй. Иймд арчилгааны болон цэвэрлэгээний огтлолтыг ойн тогтвортой менежментийн төлөвлөгөөндөө ойн анги, ойн мэргэжлийн байгууллагатай гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр тусгаж, гарсан ашгийг нөхөрлөлийн дундын санд байршуулах, ой хамгааллын үйл ажиллагаанд зарцуулах, идэвхтэй гишүүдээ урамшуулах байдлаар ашгийг жигд хүртэх хэлбэрээр явуулах нь зүйтэй. Түүнчлэн эмийн ургамлын тархалттай байгаа тул зохих судалгаа хийх хэрэгтэй байна.