Тарвагатайн нуруу болон Бөхөн шарын нуруунд хүдэр нутагшуулна.
Төслийн Биологийн олон янз байдлын хамгааллын зөвлөх А.Баясгалан:
- Төслийн санхүүжилтээр хүдэр нутагшуулах ажлэг энэ оноос хийж эхлэх гэж байна. Нутагшуулах газрыг ямар шалгуураар сонгосон бэ?
Газарзүйн байршлын хувьд Архангай аймгийн Хайрхан, Эрдэнэмандал, Батцэнгэл, Өлзийт сумдын нутгийг дамнан зүүн хойноос баруун урагш сунан тогтсон байрлалтай нуруу юм. Цаашид улсын тусгай хамгаалалтанд авах шаардлагатай бүс нутгуудын нэг бол Бөхөн шарын нуруу. Тиймээс байгалийн унаган төрхөө харьцангуй сайн хадгалж үлдсэн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Улаанчулуу багийн нутаг Урт шивэртийн амны “Дөрвөлжин” гэсэн газар баданга хүдэр сэргээн нутагшуулах нь оновчтой гэж үзсэн. Мөн байгалийн унаган төрхөө харьцангуй сайн хадгалж үлдсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Pашаант багийн нутаг “Дээд хавчиг”-ийн аманд баданга хүдэр сэргээн нутагшуулах нь оновчтой гэж судлаачид үзэж байна. Баданга хүдэр сэргээн нутагшуулах боломжит газруудыг сумдын байгаль хамгаалагч, улсын байцаагч нар болон орон нутгийн удирдлага, малчидтай зөвшилцөн сонгосон.
Бөхөн шарын нурууны “Урт шивэртийн ам”, “Тусгал цохио”, “Шар шувуу”, “Цагаан шовх”, “Их, бага эрээн”, “Уу”, “Шар чирэнгэ”, “Жарантай” зэрэг газрууд хүдрийн голлох нутаг байсан. Одоо сэргээн нутагтшуулахаар сонгосон газар нь Хүнүй голын цутгал жижиг голуудын усан хагалбар болох Чингэлт, Бөхөн шарын нуруу, тэдгээрээс салбарласан дундаж өндөр уулсыг хамран тогтсон газар юм.
Баданги хүдрийн тоо толгой нь цөөрч, ховордсон нь хууль бус агнуур, ойн түймэр гол нөлөө үзүүлсэн бөгөөд ойрын 3-5 жилдээ хүдэртэй биеэр болон ул мөртэй нь тааралдаагүй гэж нутгийн иргэд, байгаль хамгаалагчид ярьж байна.
- Хүдэр нутагшуулснаар тухайн газарт нутагт ямар ач холбогдолтой вэ?
Баданги хүдэр сэлгэн нутагшуулснаар тус бүс нутгийн экосистемийн үйлчилгээг дэмжих, биологийн олон янз байдлыг хамгаалахад маш чухал ач холбогдолтой.
Баданга хүдэр нь Монгол Улсын Амьтны тухай хууль, Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци (CITES)-ийн II хавсралтанд, Олон улсын Байгаль Хамгаалах Холбоо (IUCN)-ны хөхтөн амьтдын ховордлын зэргийг үнэлэх шалгуураар Олон улсын хэмжээнд “Эмзэг” гэсэн ангилалд хамрагдаж Монгол улсын улаан номонд орсон. Мөн Монгол орны хөхтөн амьтдын Улаан дансанд “Устаж болзошгүй” ангилалд бүртгэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хууль болон Олон улсын хэмжээнд түүний тоо толгой, хамгааллын асуудалд онцгой анхаарал хандуулж түүнийг хамгаалах, өсгөн үржүүлэх зүй зохистой менежментийг төлөвлөх шаардлагатай байгаа юм. Зүй зохистой менежмент гэдэг нь тухайн зүйл амьтан уг газарт оршин байх нь экосистем, биологийн олон янз байдлын хамгааллын хувьд ач холбогдолтойгоос гадна цаашлаад орон нутгийн иргэдийн байгаль хамгааллын талаархи мэдлэг нэмэгдэх ач холбогдолтой юм.
- Энд нутагшуулсан сургаар ашиг хонжоо хайсан хүмүүс зүтгэх учраас хамгаалал их чухал. цаашдын хамгаалал, мониторингыг хэн хийх вэ?
Төсөл нэн ховор, ховор тодорхой амьтан ургамлын зүйлүүдийн хамгааллыг нутгийн иргэдийн оролцоотойгоор бий болгохоор ажиллаж байна.Энэ ажлын хүрээнд тухайн нутагт байгаа амьтан, ургамлуудын зүйлүүдийг танин мэдэх, тэдгээрийн үнэ цэнэ, хамгааллын ач холбогдолыг нутгийн иргэдэд ойлгуулан тэдэнд түшиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлыг эхэлж байна.
Аливаа ан амьтны тоо толгойг тогтвортой байлгах, хамгаалах үр дүнтэй арга нь орон нутгийн нөхөрлөл, малчдын бүлгүүдийн дэмжлэгтэйгээр хийгддэг. Үнэндээ бол амьжиргааны гол үүсвэр болох мал аж ахуйгаас болон байгалийн баялагаас ашиг шим хүртэхийн тулд хүрээлэн байгаа байгаль орчин, биологийн олон янз байдлын хамгаалалд малчид өөрсдөө голлон оролцох ёстойгоо ойлгож маш идэвхтэй оролцдог болоод байна.
Баданга хүдэр, түүний амьдрах орчныг хамгаалах ажлыг мөн л тухайн газар нутгийн малчид, нөхөрлөлийн гишүүдийн оролцоотой хийнэ. Түүнээс гадна тухайн нутаг дэвсгэрт ажиглалт явуулах зорилгоор автомат камер суурилуулан хянана. Ингэснээр хууль бусаар ашиг хонжоо хайгч хүмүүсээс бүрэн хамгаалж чадах юм.