Мянгат малчид малаа цөөлж эхэлжээ . Өвөл хатуу болох сургаар уу? эсхүл...
Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн малчин Н.Ганчимэг 2014 онд Мянгат малчины алдар хүртсэн цагаасаа хойш мянгаас доош толгой мал тоолуулж байсан удаагүй. 2019 оны тооноор л гэхэд 900 гаран бог бүхий 1000 толгой мал тоолуулжээ.Харин 2020 оны мал тооллогоор тэднийх 1000 хүрэхгүй мал тоолуулах нь тодорхой болж. Намар хониныхоо 20-иод хувийг борлуулчихсан болохоор тэр. Малаа өсгөж үржүүлэхийн төлөө 20- иод жил зүтгэж, өрх гэрийн амьдралаа авч яваа энэ бүсгүй орлогын эх үүсвэр болсон малаа гэнэт яагаад цөөлөх болов?
Одоо байгаа 1000 малаасаа авч байгаа ашиг шимийг 500 малаас авч болохыг энэ жил маш сайн мэдэж авлаа. Тэгээд малаа цөөлөөд гол нь чанаржуулахаар шийдээд эхнээс нь борлууллаа. Нөгөөтэйгүүр үнэнийг хэлэхэд ус, бэлчээр хүрэлцэхгүй хэцүү болж эхэлж байна. Бууруулахаас ч өөр арга алга.” гэлээ.
Малчин Н.Ганчимэг бэлчээрийн доройтлыг бууруулахын төлөө зөвхөн малаа цөөлөөд зогсохгүй бэлчээрээ зөв зохистой ашиглах алхам хийж эхэлсэн байна. Тэрээр өөртэйгээ ижил 1000 малтай 2 малчинтай хамтран “Марааны булаг” нэртэй бэлчээр ашиглагчдын бүлэг байгуулан Cумын засаг даргатайтайгаа бэлчээр ашиглах гэрээ байгуулжээ. Гэрээний зорилго нь товчхондоо малынхаа тоог бэлчээрийг гэрээгээр зохистой ашиглах, малынхаа тоо толгойг бэлчээртээ тохируулан жил бүр 5 хувь бууруулах асуудлыг тусгажээ.
БОАЖЯ, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төсөл” төслийнхөө зорилтот аймаг сумдын малчдын ийм санаачлагыг дэмжиж сумдын засаг захиргаа, малчидтай хамтран 2019 оноос Бэлчээрийн менежментийн хөтөлбөр хэрэгжүүлж, говь, хангайг төлөөлсөн төслийн 4 аймгийн 13 сумын 1306 малчин өрх хамрагдаад байна.
Өлзийт сумын Байшир багийн малчин Н.Ганчимэг одоо Мянгат малчин гэх алдраа хадгална гэдгээс илүүтэйгээр малаа эдийн засгийн эргэлтэд тасралтгүй оруулж ашиг өрхийн орлогоо нэмэгдүүлэх, түүний төлөө малаа чанаржуулах, тулгамдсан асуудал болох бэлчээрийн доройлтлыг бууруулахад өөрөө гар бие оролцон зохистой ашиглан үлгэрлэхээр ийнхүү аж ахуй эрхлэх хэв маягтаа эрс өөрчлөлт оруулж, гэрээгээр хүлээсэн анхны жилийн үүргээ биелүүлж малынхаа тоо толгойг 5 хувиар бууруулсандаа ч баяртай байна.
"Сумандаа бидний ашиглаж байгаа бэлчээрийг гадны хэн нэг хүн биш нутагтаа байгаа бид л эзэмшиж байна. Тийм болохоор малчид бид л санаачиллгаараа малын тоо толгойгоо даацад нь тохируулахгүй бол ирэх жилүүдэд хүрэлцээгүй болох биш бүр бэлчээргүй болох гээд байна. Манай сумын бэлчээрийн даац 10 дахин хэтэрсэн гэж сонссон. Бэлчээр байхгүй байхад би хичнээн мянган малтай байлаа гээд юугаа идүүлэх вэ дээ. Ер нь тэгээд өөрийгөө бодоход ч 1000 малын араас хөөцөлдөж авч байгаа ашигаа 500 малаас авчихна гэж бодохоор биенд амар, бэлчээртээ байгальдаа ч ээлтэй юм. Цаашид малчид бид нэг нэгээрээ малаа олон тоогоор өсгөх биш зохион байгуулалтад орж хөдөлмөрөө хорших цаг болжээ.” гэж малчин Н.Ганчимэг хэлж байна.
1306 малчин өрх 600 орчим мянган га бэлчээрийг доройтлоос гаргахын төлөө нэгджээ.
Н.Ганчимэг шиг бодолтой малчид эдний суманд олон байна. Уулзсан малчин бүр л “бид одоо нэг нэгээрээ амин хувиа хоохойлоод явахгүй болж байна” гэж ярьж, яриад зогсохгүй ажил хэрэг болгож эхэлжээ. Тухайлбал Өлзийт суманд л гэхэд 28 малчдын бүлэг байгуулагдан хөдөлмөрөө хоршиж хамтран ажиллаж байна. Тэдний нэг “Дэлгэрэх булаг” малчдын бүлгийг 4 малчин өрх нэгдэн 2019 онд байгуулсан бөгөөд энэ хугацаанд өвөлжөө, хаваржаагаа засаж сайжруулах, өвөлжөөний бэлчээрээ хамгаалах,хадлан тэжээл бэлтгэх, мал хуйгаа зарж борлуулах, бүр цаашлаад бүсгүйчүүд нь оёдол үйлээ хийхдээ ч хөдөлмөрөө хоршиж ажиллаж иржээ.
“Бүлгийн зохион байгуулалтад орсноор нэг нэгээрээ зүтгэж хүчээ тарамдахгүй, ажлыг илүү үр бүтээлтэй, хурдан хийхээс гадна эдийн засгийн хувьд ч ашигтай байна. Нүүж суух, малаа болон малын гаралтай бүтээгдэхүүнээс борлуулах гээд аливаа ажлыг хийхэд гарах зардлаа хуваагаад төлчих жишээтэй. Бид ингээд зөвхөн ингээд өөрсдийнхөө өнөө маргаашаа бодоод газар дэлхий байгалиа хамгаалж, өөд татахгүй бол амьжиргаа илүү сайжрахгүй. Тийм болохоор малын бэлчээрээ зөв зохистой ашиглах гэрээг сумын засаг даргатай байгуулсан. Гэрээний үүргээ биелүүлж мал сүргийнхээ чанарыг сайжруулах алхам хийж, малынхаа тоо толгойг ч буурууллаа. Өрхийн орлого 3-4 сая төгрөгөөр өслөө” гэж бүлгийн гишүүн А.Булганбаатар ярилаа.
“Дэлгэрэх булаг” бүлэг цаашид илүү үр бүтээлтэй ажиллахын тулд дээрх үйл ажиллагаагаа тасралтгүй тогтмол хэрэгжүүлэх бүлгийн 5 жилийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус төлөвлөгөөгөөр бүлгийн нэг өрхийн гишүүний мөнгөн орлого 6 сая төгрөгөөр нэмэгдэн, малын тоо толгой дунджаар 23% буурч, тус бүлгийн гэрээгээр ашиглаж буй 993 га бэлчээр доройтлоос гарсан байх юм байна.
Яг ийм төлөвлөгөөтэй, зохион байгуулалттай 225 бүлэг төслийн 4 аймгийн 13 суманд байгуулагдаад байна. Тэдний үндсэн зорилго, ажиллах зарчим ижил. Тэд 600 орчим мянган га бэлчээрийг доройтлоос гаргахын төлөө нэгдсэн юм.
“Монголын унаган байгалийн хүлцэл, тогворжилтыг хангах нь” төсөл эдгээр малчдын бүлгийн хамтын зохион байгуулалтыг бэхжүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, бүлгийн малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах , эрсдлийн менежментийг хэрэгжүүлэх, байгалийн нөөц, баялгийг ашиглах, хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэх зэргийг багтаасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.