АРХАНГАЙ АЙМГИЙН ХОЛБОГДОХ ТӨЛӨӨЛЛҮҮД ОХУ-ЫН АЛТАЙ МУЖИЙН “КАРЫМ” БУГЫН АЖ АХУЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл, Архангай аймгийн ЗДТГ-тай хамтарсан санаачлага, хөрөнгө оруулалтаар Эрдэнэмандал сумын нутагт байрлах Бөхөн шарын нурууны ОНТХГ-т Халиун буга үржүүлэх, бичил аж ахуй байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Архангай аймгийн ЗДТГ, Орхон-Чулуут голын сав газрын захиргаа, Эрдэнэмандал сумын ЗДТГ, нутгийн иргэд, ХААИС болон төслийн орон нутгийн зохицуулагч, зөвлөхүүдийн төлөөлөл нийт 9 хүн ОХУ-ын Алтай мужийн Горны Алтайд байрлах “Карым” бугын аж ахуйн цогцолбор хүрээлэнтэй танилцах, туршлага судлах аялалд 2024 оны 11 сарын 18-23-ны өдрүүдэд хамрагдаад ирлээ.
“Карым” бугын аж ахуйн цогцолбор хүрээлэн нь анх 1965 онд байгуулагдсан бөгөөд ан амьтдын хүрээлэн, бугын цусан эврэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүхэн музей, аялал жуулчлал зэрэг цогц үйл ажиллагаа явуулдаг томоохон судалгаа үйлдвэрлэлийн төв юм. Оролцогчдыг тус хүрээлэнгийн удирдлагууд хүлээн авч уулзан байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулан бугын аж ахуй, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр санал солилцон, зөвлөгөө мэдээлэл өгсөн юм. Тэнд бугын аж ахуйг дагаад аялал жуулчлал хөгжин тэлж байгаа нь цаашид орон нутгийн хөгжилд өргөн боломж бий болох боломжтойг харуулж байлаа. Туршлага судлаж ирсэн оролцогчид биеэр үзэж харсан мэдлэг мэдээллээ цаашид хэрэгжүүлэх ажилдаа нэвтрүүлэх шинэ санаа, урам зориг дүүрэн аялалыг өндөрлүүлсэн юм.
Архангай аймгийн Эрдэнэмандал сум, Урт шивэртийн аманд бугийн бичил аж ахуйг байгуулах хүрээнд холбогдох суурь судалгаа, шинжлэх ухааны үндэслэл болон техник эдийн засгийн тооцооллыг боловсруулан төслийн болон аймгийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган батлуулж энэ жилдээ барилга байгууламж, дэд бүтцийг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар Архангай аймаг ажиллаж байна.
Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар “Бөхөн шарын нурууны ОНТХГ”-ыг Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өргөжүүлэн ажиллах шийдвэр гарч улмаар бугын бичил аж ахуйг хариуцан ажиллах юм.
Төсөл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 20 бугын Илийг Хустайн БЦГ-аас амжилттай сэлгэн нутагшуулж тэжээл, маллагааг бүрэн хариуцан ажиллаж байна. Мөн Эрдэнэмандал сумын удирдлага, нутгийн иргэдтэй уулзалт, хэлэлцүүлэг явуулж бугын бичил аж ахуй байгуулахын ач холбогдол, эдийн засгийн үр өгөөжийг таниулах ажлуудыг зохион байгуулж байна.