ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНХОНГОР, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжаар Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хүрээнд орон нутагт бий болсон сайн туршлага, амжилтын түүхийг танилцуулж түгээн дэлгэрүүлэх, төсөл хэрэгжиж дууссаны дараах бодлого, эрхзүйн орчин, санхүүжилтийн механизмууд болон чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтуудыг хэрхэн тогтвортой үргэлжлүүлэх болон олон талт хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэн, санал солилцох зорилготой Түншлэлийн форум-2024 арга хэмжээг 2024 оны 11 сарын 27-29 өдрүүдэд Баянхонгор, Завхан аймгуудад зохион байгууллаа.
Говь, Хангайн бүсээр бүсчлэн зохион байгуулсан “ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024” арга хэмжээнд төслийн зорилтот Баянхонгор, Говь-Алтай аймгийн 7 сум, Завхан, Архангай аймгийн 6 сумын төрийн, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, малчид, нөхөрлөл болон хоршоодын 200 гаруй төлөөлөл оролцлоо. Нэгдсэн зөвлөгөөнд урилгаар оролцсон зочин илтгэгч нар болон төслийн үр шим хүртэгчид өнгөрсөн хугацаанд бэлчээр, ойн тогтвортой менежмент, тусгай хамгаалалттай газар нутаг, биологийн олон янз байдлын хамгаалал болон тогтвортой амьжиргааг дэмжих чиглэлд төсөлтэй хамтран хэрэгжүүлсэн ажлын үр дүн, сайн туршлагаас танилцууллаа. Мөн оролцогчид орон нутгийн хамгаалалттай газар нутгийн хамгааллын менежментэд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, бэлчээрийн зохистой ашиглалтыг дэмжих боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж санал зөвлөмж боловсруулан гаргалаа.
Нэгдсэн зөвлөгөөний хүрээнд “Байгальд ээлтэй малчин” шагналыг төслийн бүс нутгаас шалгарсан 20 малчдад гардууллаа. Энэхүү шагналыг төслийн санаачлага, дэмжлэгээр дөрөв дэхь жилдээ хэрэгжүүлж нийт 85 малчныг шагнаж, урамшуулсан юм. Мөн БНХАУ-ын Монгол Улс дахь Элчин сайдын яамны санаачилга, дэмжлэгтэйгээр төслийн зорилтот 4 аймгийн 13 сумаас шалгарсан “Байгаль ээлтэй” малчид болон малын мах, дайвар бүтээгдэхүүн, сүүний үйлдвэрлэлийн чиглэлээр төсөлтэй хамтран ажиллаж байгаа орон нутгийн үйлдвэрлэгч, хоршоодын 30 гаруй төлөөлөлд Өвөр Монголын Өөртөө засах орны Шилийн гол аймагт 7 хоногийн хугацаатай туршлага судлах хөтөлбөрт хамруулах эрхийн бичиг гардууллаа.